Хуулийн этгээд болохоор шийдсэн бол ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа сонгох болно. ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн хэлбэрээс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзаж үзээд хэлбэрээ сонгоорой. ХХК-ийг бол нэг хүн байгуулж болно.
Харин ТББ-г багадаа 2 хүн үүсгэн байгуулдаг. Мөн удирдах зөвлөлд 5 ба түүнээс дээш сондгой тооны хүн байх ёстой.
Хуулийн этгээд буюу ХХК, ТББ -д нэр бодож олно гэдэг чухал. 2022 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд Монголын Бизнес регистрийн санд 200,000 аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа тул нэр сонгох нь нэлээн төвөгтэй ажил болдог. Энэ бүх байгууллагын нэр давтагдахгүй байх дүрэмтэй гэхээр таны бодсон олон нэрийг өмнө нь авчихсан байж мэднэ. Тиймээс компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх нь, түүний дотор дахин давтагдашгүй зохиомол нэрийн санаатай байх нь цаг хэмнэнэ.
Та УБЕГ-ын http://les.burtgel.gov.mn/ сайтаар компанийн боломжит нэрийг шалган, авах хүсэлтээ цахимаар өгөх боломжтой. Харин нэрийн саналаа явуулахаас өмнө нэр сонгохдоо анхаарах зүйлс болон сайтын заавартай танилцаарай. Гэхдээ уг сайт заримдаа хариу ирүүлэхдээ уддаг тул яаралтай нэрээ авч, баталгаажуулах шаардлагатай бол УБЕГ-т биеэр очиж бүртгүүлээрэй.
УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлэн, баталгаажуулсны дараа компанийн түр дансыг зөвхөн Голомт банк-нд дээр нээдэг. Бусад банк түр данс одоогоор нээхгүй байгаа бөгөөд та Голомт банк-с бусад банкны данс ашиглахыг хүсвэл тухайн хуулийн этгээдээ байгуулсны дараа дурын банканд очиж данс нээлгэх боломжтой. Компани дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг. (Хүмүүс ихэвчлэн 20 мянган төгрөгийн үлдэгдэлтэй төгрөгийн данс нээлгүүлдэг.)
Нэрээ баталгаажуулж, түр дансаа авсны дараа бүртгэлийн ажилтанд компанийн бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлнэ. Хуулийн этгээдийн хэлбэрээс хамаарч бүрдүүлэх баримтын жагсаалт өөр өөр. Уг жагсаалттай анхааралтай танилцаарай.
УБЕГ-т та ХХК бол үүсгэн байгуулагчдын иргэний үнэмлэх, ТББ бол үүсгэн байгуулагчдаас гадна удирдах зөвлөлийн гишүүд хэрэв хяналтын зөвлөлтэй бол хяналтын зөвлөлийн гишүүдийн иргэний үнэмлэх байх хэрэгтэй. Мөн УБЕГ аас шаардах УБ-03, УБ-12 маягт болон үүсгэн байгуулах шийдвэр, тогтоол дүрэм хэрэгтэй. Компанийн хаяг буюу түрээс, эсвэл өөрийн ажлын байр хараахан байхгүй бол гэрийн хаягаа бичиж болно. Иймд иргэний үнэмлэх дээрх хаяг тань өөрчлөгдсөн бол заавал шилжсэн хуудастайгаа очих хэрэгтэй. Түрээсийн гэрээтэй бол үүсгэн байгуулагчийн нэр дээр байгуулсан гэрээ байх ёстой байдаг.
Үүсгэн байгуулах шийдвэр, хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нь бага зөв бичихэд зэрэг төвөгтэй байдаг. Манай компанийн хувьд бид энэхүү бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж өгдөг.
Компанийн бичиг баримтаа өгч бүртгүүлсэн бол тамгаа захиалах ажил үлдэнэ. Бүртгэлийн ажилтан танд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах өдрийг тэмдэглэсэн “Өргөдөл хүлээн авах хуудас” өгөх бөгөөд тухайн хуудсыг ашиглан тамгын үйлдвэрүүдэд загвар дизайнаа сонгоод тамгаа захиална. УБЕГ-ын гадаа ойрхон тамганы үйлдвэр бий.
УБЕГ үргэлж л оочир дараалалтай ихтэй байдаг. Та компаниа улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг нэг өдөрт багтааж амжуулъя гэвэл эрт очиж нэрээ баталгаажуулаад, гарч түр дансаа нээлгүүлэн, эргэж ирээд компаниа бүртгүүлэх, тамгаа захиалах ажлуудыг амжуулах хэрэгтэй. Цайны цагийг тооцох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд компанийн нэр сонгох шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт хийх нь 2-3 өдөр. Улсын бүртгэлд материалуудаа өгөөд буцаан авах хугацаа 3-5 хоног байдаг. Хэрэв та дутуу эсвэл буруу өгсөн бол 3-5хоногийн дараа таны материал буцаагдана.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг та УБЕГ-ын энэ сайтаас авах боломжтой. Хуулийн этгээдийн бүртгэл, мэдээлэлтэй холбоотой түгээмэл асуултуудын хариултыг мөн судалж үзэхийг зөвлөе. УБЕГ-т очихоосоо өмнө бүрдүүлэх бичиг баримтын загваруудтай танилцаж, компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой хэсгүүдийг хэрхэн бөглөхөө урьдчилан судлаарай.
Нэгэнт л та компани байгуулж, хуулийн этгээдийн харилцаанд орж буй тул наанадаж “Компанийн тухай хууль”-ийг унших нь зүйтэй. Эндээс та ямар эрх, үүрэгтэй, юу юунд анхаарч явахаа ойлгох болно. Мөн боломжтой бол бусад холбогдох хуулиудтай танилцаарай:
1. Иргэний хууль (Дөрөвдүгээр бүлэг)
2. Компанийн тухай хууль
3. Хоршооны тухай хууль
4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль (7 дугаар зүйл)
5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
6. Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам
7. Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн (орон нутгийн) өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам
8. Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам
9. Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгаааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам
10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль